ХЭРЛЭН СУМЫН УЛСЫН ТЭРГҮҮНИЙ 14-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

Нэг: Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмыг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, цэцэрлэгийн дүрэм, багшийн ёс зүйн дүрэм, ариун цэвэр, эрүүл ахуй, хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрэм бусад хууль эрхийн акт дүрэм, журмыг үндэслэн боловсруулж, байгууллага, хамт олны хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, ажлын хариуцлагыг өндөржүүлж, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, хөдөлмөрийн сахилга бат, ёс зүй, дэг журам, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, байгууллагад мөрдөгдөх дотоод харилцааг зохицуулахад оршино.
1.2. Хөдөлмөрийн дотоод журмыг нийт ажилтан үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно.
1.3. Хөдөлмөрийн дотоод журмын биелэлтэнд цэцэрлэгийн захиргаа, хөдөлмөрийн хамт олон хяналт тавина.
1.4. Энэхүү журам нь батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

Хоёр: Хөдөлмөрийн удирдлага, зохион байгуулалт

2.1. Цэцэрлэгийг аймгийн Засаг дарга томилсон эрхлэгч удирдана.
2.2. Цэцэрлэгт бүх ажилтны хурлаар сонгогдож эрхлэгчийн тушаалаар батлагдан дүрмийн хүрээнд зөвлөх эрхтэй цэцэрлэгийн зөвлөл, багш нарын зөвлөл, заах аргын нэгдэл үйл ажиллагаа явуулна.
2.3. Үйлдвэрчны эвлэлийн хороо хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулна.
2.4. Бусад ОН-ийн салбар хороодууд болох Улаан загалмай, ёс зүйн хороо, галын бүлгэм, дотоод хяналтын комисс, өмч хамгаалах байнгын зөвлөл үйл ажиллагаа явуулна.

Гурав. Дотоод үйл ажиллагаа

3.1. Цэцэрлэгт эрхлэгч, арга зүйч, нягтлан бодогч, нярав, эмч, дуу хөгжмийн багш, бүлгийн багш, туслах багш, ахлах тогооч, тогооч, гал тогооны туслах ажилтан, слесарь, манаач, жижүүр, үйлчлэгч зэрэг нийт 37 хүн ажиллана.
3.2. Эрхлэгч эзгүй байх хугацаанд арга зүйч бүх ажлыг хариуцаж ажиллана.
3.3. Цэцэрлэгийн хичээлийн жилийн үргэлжлэх хугацаа жил бүрийн 9 дүгээр сарын 1-нд эхэлж 6 дугаар сарын 1-нд дуусна.
3.4. Цэцэрлэг нь бэлтгэл, ахлах, дунд, бага гэсэн 2-5 насны бүлэгт 6-р багийн айл өрхийн хүүхдийг хүлээн авч сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж 10 цагаар ажиллана.
3.5. Цэцэрлэг нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр, бэлтгэл, ахлах, дунд, бага бүлгийн сургалтын хөтөлбөрийг үндэслэж багш бүр сургалтын хөтөлбөр боловсруулан мөрдөж ажиллана.
3.6. Багш нар эцэг эх, хүүхдийн сонирхол, хэрэгцээнд тулгуурлан шатар,IQ, сарабон сампин, бүжиг, гэх мэт хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагааг зохион явуулна.
3.7. Багш, ажилтан бүр үйл ажиллагаандаа БШУЯ-ны сайдын 327-р тушаалыг хэрэгжүүлэн ажиллана.

Дөрөв. Төлөвлөгөө, тайлан, түүнд тавих хяналт

4.1. Байгууллага нь стратеги төлөвлөгөөтэй ажиллана.
4.2. Байгууллага нь үйл ажиллагаагаа жил, сараар төлөвлөж, хэрэгжилтийг сар, хагас, бүтэн жилээр удирдах дээд байгууллага, хамт олонд тайлагнаж, үр дүнг тооцож ажиллана.
4.3. Байгууллага өөрийн үйл ажиллагаагаа жил бүр үнэлгээний багаар үнэлүүлж үйл ажиллагаандаа дүгнэлт хийнэ.
4.4. Ажилтан ажлаа жил, сараар төлөвлөж, цэцэрлэгийн захиргаагаар улирал бүр дүгнүүлж, хагас, бүтэн жилээр хамт олонд тайлагнана.

Тав. Дотоод ажлын зохион байгуулалт

5.1. Удирдлагын шуурхай зөвлөгөөнийг шаардлагатай үед хийж төлөвлөгөө, үүрэг даалгаврын биелэлт, өргөдөл, санал хүсэлтийг авч хэлэлцэн шийдвэрлэнэ.
5.2. Зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлыг протокол хөтлөж, үүрэг даалгаврын биелэлтэнд тухайн хариуцсан ажилтан хяналт тавьж ажиллана.
5.3. Мэдээллийн цагийг сар бүрийн сүүлчийн долоо хоногийн мягмар гаригт 17.30 цагаас хийнэ.
5.4. Байгууллага дээр зохион байгуулагдаж байгаа үйл ажиллагаа цагтаа эхэл, цагтаа дуусдаг байна.

Зургаа. Тамга, тэмдэг, бланк хэрэглэх, хадгалах, хамгаалах

6.1. Байгууллага тамга, тэмдэг, бланктай байх ба эрхлэгч барина.
6.2. Тайлан, мэдээ, судалгаа гаргах, боловсруулах, хүргүүлэх, архивлах үйл ажиллагааг бичиг хэрэг хариуцсан ажилтан хариуцна.

Долоо. Ажилд авах, ажлаас чөлөөлөх

7.1. Ажил олгогч нь сул байгаа орон тоонд ажилд орохыг хүссэн иргэний хүсэлтийг хүлээн авч судалсаны үндсэн дээр сонгон шалгаруулж ажилд томилно.
7.2. Шинээр ажилд орох хүн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан байхаас гадна өргөдөл, 2% зураг, дипломын хуулбар, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэр зэргийг бүрдүүлсэн байна.
7.3. Шинээр ажилд орсон ажилтанд байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээ, ажлын байрны тодорхойлолт, цэцэрлэгт мөрдөх ариун цэврийн дүрэм, осол аюулгүйн дүрэм танилцуулж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч гарын үсэг 2 талаас зурж баталгаажуулна.
7.4. Багшийн сул орон тоонд багшийн нөөцгүй тохиолдолд тэтгэвэрт гарсан болон нарийн мэргэжил шаардсан багшийг ажиллуулж болно.
7.5. Ажлаас чөлөөлөгдсөн ажилтанд хөдөлмөрийн тухай хууль, боловсролын тухай хууль, хамтын гэрээнд тусгасан заалтын дагуу шийдвэрийг гаргаж тухайн хүнд мэдэгдэнэ.

Найм. Ажил, амралтын цагийн горим

8.1. “ Ажлын цаг “
8.1.1. Ажлын цагийг хөдөлмөрийн тухай хууль, хүүхдийн цэцэрлэгийн дүрэм, багш, ажилчдын ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн онцлогт нийцүүлэн мөрдөнө. Багш ажилчдын 7 хоногийн ажлын цаг нь 40 хүртэл цаг байна. Нэг өдрийн ажлын цагийн үргэлжлэх хугацаа 8-10 цаг байна.
• Эрхлэгч, нягтлан бодогч, нярав, арга зүйч, хөгжмийн багш өглөө 8.00 цагт ирж, өдөр 12.00-13.00 цагт үдэлж, орой 17.00 цагт тарна.
• Эмч 0,5-р ажиллана. Жижүүрээс буусан өглөө амрана. Бусад өдөр 15,00-17,30 цаг хүртэл ажиллана.
• Багш өглөө 7.30 цагт ирж өдөр 14.00-15.00 цагт үдэлж орой 17.30 цагт тарна.
• Туслах багш өглөө 7.30 цагт ирж, өдөр 13.00-14.00 цагт үдэлж, орой 17.30 цагт тарна.
• Ахлах тогооч 8.00 цагт ирж өдөр 13.00-14.00 цагт үдэлж, орой 17.00 цагт тарна
• Ээлжийн тогооч өглөө 7.00 цагт ирж 15.00 цагт тарна.
• Дундын тогооч 9.00 цагт ирж 17.00 цагт тарна.
• Гал тогооны бэлтгэгч 7.30 цагт ирж өдөр 13.00-14.00 цагт үдэлж орой 17.30 цагт тарна.
• Манааач 8.00-д ирнэ.
• Үйлчлэгч өглөө 8.00 цагт ирж 12.00-13.00 цагт үдэлж, орой 17.00 цагт тарна.
8.1.2. Ажилтан бүр ажлын цаг эхлэхээс 5-10 минутын өмнө ирж ажлын хувцасаа өмсөж ажилдаа орсон байна.
8.1.3. Бүлгүүд өглөө 7.30-8.00 цаг хүртэл хүүхдээ авч, орой 16.30-17.30 цаг хүртэл тараана.
8.1.4. Даваа гаригт эрхлэгч, мягмар гаригт арга зүйч, лхагва гаригт нягтлан бодогч, пүрэв гаригт дуу хөгжмийн багш, баасан гаригт нярав өглөө 7.30 цагт ирж үйл ажиллагаанд хяналт тавих ба ажлын бүх өдрийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана.
8.1.5. Ажилтан нь өглөө ажилдаа ирсэн, завсарласан, явсан цагаа өөрийн биеэр манаач, цаг бүртгэгчид бүртгүүлэх ба ажлын цагийн ашиглалтанд арга зүйч, нярав, нягтлан бодогч хяналт тавьж, нярав сарын эцэст цагийн тооцоог гарган эрхлэгчид мэдээлнэ.
8.1.6. Ажилтан ажилдаа ирж чадахгүй тохиолдолд өмнөх өдөр нь буюу тухайн өдөр 1 цагийн дотор удирдлагад мэдэгдэнэ. Эс мэдэгдвэл ажил тасалсанд тооцно.
8.1.7. Ажилтан нь ажлын цагт багтах цагаар хариуцсан ажлын шаардлагаар гадуур гарах үед чөлөөний хуудас авч удирдлагад мэдэгдэж, цаг бүртгэлийн дэвтэрт тэмдэглэнэ.
8.2. “Амралтын цаг”
8.2.1. Багш ажилчдад ээлжийн амралтыг хичээлийн жил дуусгавар болсон үед
эрхлэгчийн тушаалаар жилд 1 удаа олгоно.
8.2.2. Ажилчин нь ажиллаж байгаа ажлын байрны нөхцөлөөс хамааран нэмэгдэл амралтыг Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын тухай хуульд заасан хэмжээгээр эдлэнэ.
8.3. Чөлөө олгох
8.3.1. Ажилтан нь чөлөө авах хүсэлтээ бичгээр гаргаж эрхлэгчид өгч шийдвэрлүүлнэ.
8.3.2. Ажилтан ажлын өдөр хувийн чөлөө авах бол ажилласан цагаас хасаж, цалинг тооцож чөлөө олгоно.

Ёс. Хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлага

9.1. Хөдөлмөрийн сахилга зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага:
9.1.1. Багш ажилтны ажлыг сар, улирал, хагас, бүтэн жилээр дүгнэж ажил дүгнэх комиссын үнэлгээгээр 1-2 удаа хангалтгүй буюу F үнэлгээ авсан тохиолдолд хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2 дэх заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцлана.
9.1.2. Боловсрол соёл шинжлэх ухааны сайд, сангийн сайдын хамтарсан 56/64 дүгээр тушаалыг зөрчиж эцэг эх, хувь хүнээс эд зүйл, мөнгө хөрөнгийг дур мэдэн авсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлана.
9.1.3. Ажлын байранд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн, ажилдаа согтуу ирсэн, ажлын байрыг орхиж явсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлана.
9.1.4. Ажлын бус цагаар архидан согтуурч эрүүлжүүлэгдсэн бол сахилгын шийтгэл ногдуулах ба давтан үйлдсэн бол хөдөлмөрийн гэрээ цуцлана.
9.1.5. Хамт олон, байгууллагаас зохион байгуулж байгаа ажилд хөшүүн хойрго хандаж, хүндэтгэн үзэх шалтгаангүй таслаж, биеэ авч явах чадваргүй байдал гарган, байгууллага хамт олонд байж боломгүй ёс зүйгүй байдал гаргаж, хов маргаан дэгдээж, худал ярьж, байгууллага, хамт олон, хувь хүн, хүүхэд, эцэг эхийн нэр хүндийг гутааж, эцэг эх, хувь хүн, хамт олноос гомдол ирсэн бол хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна.
9.1.6. Ажлаас хоцрох, таслах, зөвшөөрөлгүй ажлын байр орхиж гарах, хүүхэд эзэнгүй орхих, гараа солих, ажлын цагийг үр бүтээлгүй өнгөрөөх зэрэгт ажлын хоног тооцох ба сахилгын арга хэмжээ авч, урьдчилан мэдэгдэлгүй ажлыг дур мэдэн 3 хоногоос дээш ажил тасалж хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлана.
9.1.7. Байгууллага дээр мөрдөгдөх дүрэм, журмыг удаа дараа зөрчин, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг үл биелүүлэн, ажлын болон сургалтын хөтөлбөр төлөвлөгөө, үйл ажиллагааны төлөвлөгөө, арга зүйн боловсруулалт зэргийг цаг хугацаанд нь батлуулаагүй, тайлан мэдээг хоцроосон, хичээл таслах, оромдох, хожимдох зэрэг ажил мэргэжилтэй холбоотой хариуцлагагүй үйлдэл гаргаж, санал гомдол гаргасан тохиолдолд тухайн сард сахилгын шийтгэл ногдуулах буюу нэмэгдэл урамшууллаас түдгэлзүүлнэ.
9.1.8. Багш ажилчид нь эрхлэгчид мэдэгдэлгүйгээр дур мэдэн хүүхэд цэцэрлэгт авах, өөрийн цэцэрлэгийн насны болон, сургуулийн хүүхдийг өөрийн ангид байлгаж эрүүл ахуйн дүрмийг удаа дараалан зөрчиж халдварт өвчин гаргасан, гарах нөхцөлийг бүрдүүлсэн нь нотлогдсон тохиолдолд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна.
9.1.9. Хүүхдийн биед гар хүрч, ямар нэг эрхтэн бие, нүүр царай хөхөрч, гэмтээсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлана.
9.1.10. Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, дотоод журам зөрчсөн ажилтанд МУ-ын хөдөлмөрийн тухай хуулийн 12-р бүлгийн 131 дүгээр зүйлийн 1.1 сануулах, 1.2 үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувь бууруулах, 1.3 ажлаас халах хүртэл сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна.
9.1.11. Багш ажилчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 6 дугаар сарын 1-ны дотор дүгнэж хичээлийн жилд хийсэн ажлын тайланг бичгээр авч, хамт олны хурлаар хэлэлцүүлж, хөдөлмөрийн гэрээг цаашид сунгах асуудлыг шийдвэрлэнэ.
9.2. Эд хөрөнгийн хариуцлага
9.2.1. Ажилтан бүр эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ хийж, гэрээний үүргээ биелүүлж ажиллана.
9.2.2. Ажилтан бүр хөдөлмөрийн тухай хуулийн 132, 135 дугаар зүйлийн дагуу эд хөрөнгийн хариуцлага хүлээнэ.
9.2.3. Ажил олгогчийн зөвшөөрөлгүй байгууллагын эд хөрөнгө буюу багш ажилчдын эзэмшиж буй эд хөрөнгийг дур мэдэн авч гарсан, үрэгдүүлсэн эвдэж гэмтээсэн, чанар үзэмжийг алдагдуулсан тохиолдолд хохиролыг барагдуулах хугацаатай үүрэг өгч эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ.

Арав. Ажилтан, ажиллагсадын эрх, хүлээх үүрэг

10.1. Ажилтан дор дурьдсан эрх эдлэнэ.
10.1.1. Ажилтан нь аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж авах, амрах, хууль ёсны эрх ашгаа хамгаалуулах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ хэлэлцээрт заасан бусад хөнгөлөлт эдлэх эрхтэй.
10.1.2. Багш, туслах багш нь СӨБ-ын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-12.8, 13 дугаар зүйлийн 13.1- 13.1.6-д заасан эрх эдлэж, үүрэг хүлээнэ.
10.2. Ажилтан дор дурьдсан үүрэг хүлээнэ.
10.2.1. Ажилтан нь МУ-ын үндсэн хууль, төрийн албаны тухай хууль, хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын тухай хууль, СӨБ-ын тухай хууль болон бусад хууль тогтоомж, дүрэм, журмыг мөрдөж, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд тохиролцсон үүргээ бүрэн биелүүлж ажиллана.
10.2.2. Багш, туслах багш нар сургалт хүмүүжлийн ажлыг цагийн хувиарийн дагуу зохион байгуулах ба хичээлийн цагаар гадагш явах, өөр бусад ажил гүйцэтгэхийг хатуу хориглоно.
10.2.3. Бүлгийн багш, туслах багш нар нь ажлын цагаар хүүхэд орхиж анги, өрөө тасалгаагаар сэлгүүцэх, гадны хүнтэй уулзах, утсаар ярих, зөвшөөрөлгүй гадагш ажлын байр орхиж явахыг хатуу хориглоно.
10.2.4. Анги, өрөө, тасалгаа ажлын байранд гадны хүн оруулахыг хориглоно.
10.2.5. Ажлын байранд тамхи татах, архи уухыг хориглоно.
10.2.6. Төсвийн хөрөнгө зарцуулалтыг хэтрүүлэхгүй, үргүй зардлыг багасгах үүднээс цэцэрлэгийн захиргаанаас зохион байгуулсан үйл ажиллагаанаас бусад үед ажлын бус цагаар цэцэрлэг дээр ирж гэрэл, цахилгаан, дулаан цэвэр, бохир усны үргүй зардал гаргахгүй, хэмнэлтийн горимыг чанд сахиж ажиллах, үүнийг зөрчсөн ажилтан, жижүүр манаачид хариуцлага тооцох
10.2.7. Ажиллах үедээ хөдөлмөр хамгааллын хувцасыг бүрэн, зөв, цэвэрхэн хэрэглэж, биеэ зөв авч явна.
10.2.8. Багш, ажилтан нь багшийн ёс зүйг эрхэмлэн, эцэг эх, хүүхэд болон бусадтай эелдэг зөв боловсон харьцана.
10.2.9. Багш, туслах багш нар эрүүл ахуй, осол аюулгүйн шаардлага бүрэн хангасан сургалтын орчинг бүрдүүлж, хүүхдэд олгох мэдлэг чадвар, дадлыг хөтөлбөрийн дагуу бүрэн эзэмшүүлж ажиллана.
10.2.10. Багш, ажилчид нь ЭМНХС-ын 219 тоот тушаалыг хэрэгжүүлж ажиллана.
10.2.11. Багш, ажилчид нь хүүхдийн цэцэрлэгт мөрдөгдөх эрүүл ахуй, ариун цэвэр, халдвар хамгааллын дүрэм, хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрэм, хөдөлмөр хамгааллын дүрмийг чанд мөрдөж өдөр тутам танилцаж гарын үсэг зурж, эмч, арга зүйчийн тавьсан шаардлагыг хангаж ажиллана.
10.2.12. Багш, ажилчид нь ажлын цаг ашиглалтыг өндөржүүлж, ажлын цагт үр дүнтэй, бүтээлч, хариуцлагатай ажиллана.
10.2.13. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай биелүүлж, гүйцэтгэлийг тайлагнаж ажиллана.
10.2.14. Багш, ажилтнууд авилга, хээл хахуулаас ангид ажиллана.
10.2.15. Багш ажилчид ур чадвараа дайчлан ажиллаж байгууллагын ажил үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд тогтмол идэвхи санаачилгатай, хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж ажиллана.
10.2.16. Багш, ажилтан бүр байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, багшийн ёс зүйн дүрэм, эрүүл ахуйн дүрэм, хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрмийг өөрийн ажилдаа мөрдлөг болгон ажиллана.

Арван нэг. Ажил олгогчийн эрх, хүлээх үүрэг

11.1. Ажил олгогч дор дурдсан эрх эдлэнэ.
11.1.1. Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх
11.1.2. Ажил олгогч нь хүний нөөцөө бүрдүүлж, багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх чөлөөлөх
11.1.3. Ажил олгогч нь өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулахад хамтын удирдлагыг төвлөрүүлж цэцэрлэгийн зөвлөл, заах аргын нэгдэл, багш нарын зөвлөл, үйлдвэрчний эвлэлийн хороо, ёс зүйн хороо, галын бүлгэм, дотоод хяналт, заах аргын нэгдэл, өмч хамгаалах байнгын зөвлөл зэрэг ОН-ийн салбар хороогоор дамжуулан холбогдох хууль дүрэм, тогтоол шийдвэрийг биелүүлэхэд чиг үүрэг өгч ажиллах
11.1.4. Ажил олгогч нь хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг хүн бүрт танилцуулж тэдний ажиллах нөхцөл бололцоог хангаж, ажил үйлчилгээний эцсийн үр дүнг дээшлүүлэх, хамт олны хөдөлмөр, нийгмийн идэвхи санаачлагыг өрнүүлж ажиллана.
11.1.5. Ажилчдын идэвхи санаачилга, мэргэжлийн ур чадвар, ажлын үр дүнг сар, улирал, хагас, бүтэн жилээр арга зүйчтэй хамтран дүгнэж, зохих журмын дагуу ур чадвар болон улиралын ажлын үр дүнгийн урамшуулал олгоно.
11.1.6. Хамт олны дотор багш нарын баяр, шинэ жилийн баяр, өндөр насны дунд ахмадын баяр, хүүхдийн дунд хүүхдийн баяр гэх мэт зохион байгуулж, тэргүүний багш ажилчид, ахмад ажилтан, эцэг эх, хүүхдийг шагнаж урамшуулна.
11.1.7. Төрсөн аав, ээж, нөхөр, эхнэр, ах, эгч, хүүхэд, хадам ээж, аав нас барсан тохиолдолд 7 хоног, ойр дотны хамаатан садан нас барвал 1-3 хоногийн цалинтай чөлөө олгоно.
11.1.8. СӨБ-ын тухай хуулийн 11-р зүйл, 11.1.1-с 11.1.6-д заасан эрх эдлэнэ.
11.2. Ажил олгогч дор дурдсан үүрэг хүлээнэ.
11.2.1. Ажил олгогч нь ажиллагсдын хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлж ажилтны эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн болон хамтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.
11.2.2. Ажиллагсадын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, давтан бэлтгэх, мэргэшүүлэх, бусдын туршлагаас суралцуулах.
11.2.3. Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг хүүхэд бүр тэгш хүртэх боломжийг хангах, хүүхдийн сурч хөгжих эрүүл, аюулгүй, ээлтэй, материаллаг болон нийгэм, сэтгэл зүйн таатай орчин бий болгох
11.2.4. Ажилтны амьдралын нөхцлийг сайжруулахад байнга анхаарч, санал, хүсэлтийг хүлээн авч, зохих тусламж, дэмжлэгийг үзүүлнэ.
11.2.5. Багш, ажилтантай хөдөлмөрийн тухай хуулийн 135.3 дахь заалтыг үндэслэн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж ажиллана.
11.2.6. Цэцэрлэгийн эд хөрөнгийг хагас, бүтэн жилээр тоолж, гарсан дүгнэлт, зөрчил дутагдлыг тухай бүрд нь шийдвэрлэнэ.
11.2.7. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 11-р зүйлийн 11-2-1-ээс 11-2-11-д заасан үүрэг хүлээнэ.

Арван хоёр: Цалин хөлс, шагнал урамшил

12.1. Цалин хөлс:
12.1.1. Ажилтны үндсэн цалинг МУ-ын ЗГ-ын тогтоолыг үндэслэн ажил үйлчилгээний онцлог, мэргэжил, ур чадвар, ажилласан жилийг үндэслэн тухайн үед авч байгаа цалин хөлстэй холбогдуулан өөрчлөнө.
12.1.2. Ажилтаны цалин хөлсийг сард 1 удаа олгоно.
12.1.3. Ажилтанд ЗГ-ын тогтоол, холбогдох дүрэм журам, тушаалыг баримтлан нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгоно.
12.1.4. Багш, туслах багш нарт журмын дагуу илүү цагийн хөлс олгоно.
12.2. Шагнал, урамшуулал:
12.2.1. Ажилтаны ажлын үр дүнг сар бүрийн эцэст шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд тогтмол сайн гүйцэтгэж, бусдаас илүү идэвхи санаачлага, тэргүүн туршлага нэвтрүүлсэн, улс, хот, аймгийн уралдаан тэмцээнд оролцож амжилт гаргасан бол ур чадварын нэмэгдэл хөлсийг сард 25 хүртэл хувиар олгох ба, улирлын урамшуулал хөлсийг 45 хүртэл хувиар олгоно.
12.2.2. Багш ажилчдыг ажлын амжилт гавъяаг нь үнэлж аймаг, хотын шагнал болон төрийн одон медиалаар шагнуулахаар тодорхойлно.
12.2.3. Ажилтанд тэтгэвэр, тэтгэмж, нөхөн олговорыг тогтоож олгох асуудал нь МУ-ын Хөдөлмөрийн тухай хууль, төрийн албаны тухай хууль, боловсролын тухай хууль болон хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулагдана.
Арван гурав. Эцэг эхийн эрх, үүрэг, хариуцлага

13.1. Цэцэрлэгийн захиргаа нь бүлгийн багш, эцэг эх /тэднийг төлөөлөх асран хамгаалагч/-ийн хооронд гурвалсан гэрээ байгуулан ажиллана.
13.2. Эцэг эхчүүд сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааны талаар цэцэрлэгийн захиргаа болон холбогдох бусад байгууллагад санал хүсэлтээ тавих эрхтэй.
13.3. Эцэг эхийн дунд цэцэрлэг, анги, бүлгээс зохион байгуулж буй сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, багш, туслах багштай хамтран ажиллаж сурган хүмүүжүүлэх боловсролоо дээшлүүлж ажиллана.
13.4. Хүүхдийнхээ сургалт хүмүүжлийн ажил, бусад үйл ажиллагаанд хяналт тавих эрхтэй.
13.5. Хүүхдийнхээ анги бүлгийг тохижуулахад санаачлага гарган багштай хамтран ажиллана.
13.6. Хүүхдээ өөрийн биеэр болон насанд хүрсэн зөвшөөрсөн хүнээр багшид хүлээлгэн өгч, хүлээн авч байна.
13.7. Хүүхдээ тогтмол цэцэрлэгт нь явуулах ба шаардлагатай тохиолдолд цэцэрлэгийн захиргаанд хүсэлт тавьж чөлөө авна.
13.8. Хүүхэд цэцэрлэгт 15-аас дээш хоногоор ирээгүй тохиолдолд эрүүл мэндийн шинжилгээг дахин хийлгэнэ.
13.9. Хүндэтгэн үзэх шалтгаангүй 5 хоногоос дээш хугацаагаар ирээгүй тохиолдолд хүүхдийг цэцэрлэгээс чөлөөлнө.
13.10. Хүүхдээ авахдаа оройтсон, 17.30-аас хойш хожимдсон 30 минутаас дээш минутыг 1 цагт тооцон тухайн багшийн сарын цалингийн 1 цагт оногдох мөнгийг багшид төлнө. Зөрчил 1-3 удаа давтагдвал багш, цэцэрлэгийн захиргаанд мэдэгдэж гэрээг цуцлана.
13.11. СӨБ-ын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-14.1.6-д заасан эрх, 14.2.1-14.2.6-д заасан үүргийг хүлээнэ.
13.12. Цэцэрлэгийн дотоод журам болон түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг хүндэтгэн дагаж мөрдөнө.
13.13. Цэцэрлэгт эцэг эхийн зөвлөл ажиллаж, цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт тавьж, үнэлэлт дүгнэлт өгч БСШУ-ны сайдын 17 дугаар тушаалын дагуу хамтран ажиллана.

Энэхүү гэрээ баталсан өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтан, хүүхдээ өгч буй эцэг эх, асран хамгаалагч бүр дагаж мөрдөнө.

 

Сэтгэгдэл